Breaking News

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, хамба лам, номч мэргэн гавж, Самаагийн Гомбожав

Эрхэм уншигч танаа энэ удаа бид Монголын бурханы шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, хамба лам, номч мэргэн гавж, Самаагийн Гомбожавын (1901-1980) намтарыг толилуулж байна. Энэхүү намтар зохиолыг Монголын нэртэй түүхч, академич Хөдөөгийн (Дамдины) Пэрлээ, хамба ламтныг амьд ахуй цагт 1974 онд зохиожээ. Нэрт эрдэмтэн хүмүн, хамба ламын намтарыг сэрүүн тунгалаг ахуйд нь бичсэн явдал нь гавж Гомбожав, Монголын шашин, соёлын түүхэнд хувь нэмрээ оруулсан бие хүн байсныг харуулж, нөгөө талаас түүнийг Монголын шинжлэх ухааны зүтгэлтнүүд хэрхэн их хүндэтгэн хандаж, үнэлж байсныг гэрчилнэ.

Монгол улсын Төв Номын Санд гар бичмэлээрээ хадгалагдан буй тус намтарыг Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Буддын Шашны Их Сургуулийн багш, Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх “Эрдэм Соёлын Хүрээлэн”-гийн захирал, түүхийн ухааны доктор, гавж Ш.Сонинбаяр багштан монгол бичгээс кирилл үсэгт буулгаж, МУИС-ийн багш, доктор Г.Лувсанцэрэнгийн бичсэн өмнөтгөлтэйгээр, Номч мэргэн гавж, хамба С.Гомбожавын мэндэлсний 100 жилийн ойд угтан зориулж, 1998 онд Гандантэгчэнлин хийдээс эрхлэн хэвлүүлжээ.

Хөдөөгийн Пэрлээ

МОНГОЛЫН БУДДИСТУУДЫН ТӨВИЙН ТЭРГҮҮН, ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДИЙН НОМЧ МЭРГЭН ХАМБА ГОМБОЖАВЫН НАМТАРЫН ХУРААНГУЙ ОРШВОЙ.

Ом сайн амгалан болтугай.

Азийн элгэнд орших Монголын хээр тал нутаг, өндөр хайрхан уулсын бэл хөндийгөөр нутагшин суусан, мал аж ахуйгаар аж төрөх, нүүдэлч байдалтай явсан манай дээдсийн дунд Бурхан Буддын шашин дэлгэрэн эхэлсээр олон зуун мөчлөгийг улиран өнгөрөөжээ.

Мэхийн хянаваас Монголын нутагт хоёр мянган жилийн тэртээ Хүннү гүрний цагт алтан бурхан байсан тухай эртний бичиг зохиолд товч тэмдэглэсэн байна. Энэ нь бурханы шашин Монголд нэвтрэн ирсэн тухай анхны мэдээ хэмээн эрдэмтэн нар бичдэг амой.

Юу боловч Халх Монгол нутагт Бурхан Буддын шашин Монголын түүхийн олон үед бараг тасрал үгүй дэлгэрч, Монголын нүүдэлч нийгэмд голлох шашин болтлоо хөгжсөн байна. Арван зургаадугаар зууны хоёрдугаар хагаст халх Монголын Буддын шашны анхдугаар хийд Эрдэнэзуу байгуулагдаж, арвандолдугаар зууны тэргүүн хагаст Халхын Номын их хүрээ өргөө үүсэж, Монголчуудын Буддын соёлыг байнга судлах гол төв болжээ.

Монголын түүх сударт үзвээс бурханы шашны олон урсгал Монгол нутаг дээр дэлгэрсний дотроос Шарын шашин нь товойн гарчээ. Шарын шашин Монгол орноо дэлгэрэн хөгжсөн нэгэн төв нь Халхын дорнод зах буюу Халхын Цэцэн хан аймгийн нутаг бөлгөө. Халхын анхдугаар чойрын дацан энд үүсэж улмаар Монгол даяар нэрд гарч байжээ.

Монголчуудын дундаас Бурхан Буддын номонд мэргэжсэн олон лам эрдэмтэд гарч, таван ухааны алдарт зохиолуудад товч, дэлгэр тайлбар бичиж, бие даасан бүтээл туурвиж, Монгол ба Монголоос гаднах бурханы шашинт газар оронд гар бичмэл, барламалаар түгжээ. Монголын бурханы шашны гүн ухаантан, эрдэмтэн лам нарын дотор Цэцэн хан аймгийн Хардал бээсийн Агваанбалдан, Боржгины Лувсанчойнбэл, Хатигины равжамба Гончигданжой, Уулын лам Чойжамц, рашааны лам аграмба Нанзаддорж нарын зэрэг олон сайчууд байжээ. Цэцэн хан аймгийн Хардал бээсийн (хожим Гал шар уулын) хошууны харъяат бөгөөд халх Монголын их хүрээний цорж Агваанбалдан нь их нэрд гарчээ. Агваанбалдан эртний Энэтхэг, Төвдийн гүн ухаантны олон үзэл онолыг тодорхойлсон тайлбар зэрэг сонгодог зохиол туурвисан бөгөөд Монгол Төвдийн мэргэд чухалд үзэж хэрэглэсээр ирсэн ба орчин үеийн эрдэмтэн гүн ухаантан нарын судлахуун болж байна.

Монголын Буддистуудын төвийн тэргүүн, номч мэргэн хамба Гомбожав мөнхүү халхын Цэцэн хан аймгийн хэзээнээс цуутай Хэрлэн нутгийн хүн билээ. Хэрлэн мөрөн Монголын элбэг уст их голын нэгэн, Цэцэн хан аймгийн өрнөд захаас дорнод хилийг өнгөрөн урсдаг амой. Хэрлэн голын дундад урсгал нь Цэцэн хан аймгийн нутгийн төв Халхын хангай говь завсрын сайхан бэлчээр төгс нутаг тэнд Цэцэн хан аймгийн Хошой чин вангийн хошууны дэвсгэр нутаг байжээ. Одоогийн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг болно. Хошой чин вангийн хошууны нутаг Жавхлан уулын өмнөх Өндөр-Дэгтэд нутаглах албат ард Самаагийн гэрт арвантавдугаар машид гарсны (буюу жараны) гучин наймдугаар он цагаагчин үхэр жил, Манжийн Бадаргуулт төрийн хорин зургаан он, Европын мянга есөн зуун нэгэн оны дэлгэр зуны сард нэгэн хөвгүүн мэндэлсэн нь түүний гуравдугаар үр байжээ. Тэр цагийн тогтсон заншлаар нутгийн нэгэн сайн ламаас асууж, хөвгүүн нь Чагдор (Шагдар буюу Чагдар) нэртэй болжээ. Энэ нь Монголын хамба Гомбожав ажгуу.

Эцэг Самаа, эх Дэнсмаа нар зургаан хөвгүүн, нэг охин төрүүлсэн бөгөөд мал ахуйгаар аж төрөн суудаг байжээ. Чагдор таван нас хүртлээ малчин эцэг эхийн асрамжинд нүүдэлч аж амьдралын дотор бойжин хүмүүжжээ. Тэр цагийн нүүдэлчин Монголчуудын соёл боловсролын төв нь Буддын шашны хүрээ хийд байсан тул эцэг эх болсон хүн бүр хөвгүүдээ өөрийн боломж, тухайн үеийн хууль дүрмийг мөрдөн, нутгийн хүрээ хийдэд суулган ном үзүүлэх хүсэлтэй байдаг байжээ.

Эцэг Самаа, эх Дэнсмаа нар мөнхүү монгол заншил хүслийг дагаж, хүү Чагдорыг таван настайд нь нэг нутгийн эмч лам Чогсомын Ванжилд шавь оруулж, төвд цагаан толгой заалган эхэлжээ. Чагдор багын сэргэлэн хүүхэд учраас ахар богино хугацаанд төвд үсгийг уншиж чадах болж, лам болох хүн бүрийн анхлан үзэж цээжлэх “Итгэл явуулах ёсон” хэмээх номыг заалгаж, зургаан настайгаасаа багш Ванжилын гэрт байнга байж, Цогчин, Хангал, Магтаал хэмээх олон номыг заалган есөн нас хүрч, шашны уншлагыг бүрэн цээжилж чаджээ.

Энэ үед Чагдор, эцэг эх, багш Ванжил нарын сануулсныг дагаж, нэг нутаг усны лам Халзайгийн Осороос банди сахил хүртэж, анхны Чагдор нэрийг сольж Ишгомбо хэмээх сахилын нэр авчээ. Чагдор Монголын Буддын сургалтын эхэн шатыг тийнхүү төгсгөж, тоотой ламын тоонд орж, тохой жавданд суухын анхны алхамыг хийжээ. Мөнхүү есөн насандаа шарагчин тахиа жилд (Манжийн хэвт ёсны тэргүүн он, Европын мянга есөн зуун есөн он) Ишгомбо, харъяат засаг Хошой чин ван Намжилдэндэвийн хошууны гол хийдэд шавилан сууж, цогчин хуралд хурж, урьд үзсэн номоо давтан батадгаж, арван хоёр нас хүрчээ. Ишгомбын шавилан суусан хошуу хийд нь хувилгаан лам залж тахидаггүй, чойр дацан ч байгаагүй, харин зарим эрдэмтэй лам нь Монголын буддын шашны төв, шашны эрдэм ухааны төгс сургалтын эрхэм дээд газар болох халхын Богдын их хүрээнд одож ном үзэх заншилтай болсон бөгөөд тэнд бурханы номонд сайжран буцаж ирдэг байжээ. Тус хошууны хийдийн хуучин хамба лам Тэнжэр Гомбо, Ишгомбыг арван настайд нь Их Хүрээнд очиж ном үзэхийг дурсан сануулж байжээ.

1911 онд Монголчууд Манжийн төрийн эсрэг тэмцэж, тусгаар тогтнолоо тунхаглаж, улс орон юугаан батлан хамгаалах эр цэргийн хороо ангийг байгуулж, олон аймаг хошуунаас эрчүүдийг цэрэгт дайчлан татахад Ишгомбын эцэг Самаа цэргийн албанд тушаагджээ. Самаа, гэргий хүүхдээ орон нутагт найдаж орхих бат боломж үгүй байсан учир гэр бараагаа хоёр тэргэнд ачиж, гэргий хүүхдээ дагуулан Хүрээг зорин аялахдаа 12 настай хүү Ишгомбыгоо мөн дагуулжээ. Таван зуун километрийн хол аян туулж, Нийслэл хүрээг тойрон хүрээлсэн дөрвөн их уулын нэгэн Баянзүрх уулыг өнгөрөн, Туул гол дээр тавьсан Оросын гүүрийг гарч, Улиастайн голын гүүрийг гатлахдаа Ишгомбо тавтын зэс улаан мөнгө, нэг хайрцаг шүдэнзийг хээрээс олоход нь эцэг эх нь монгол ёсоор өөдрөг бэлэгтэйд бодож сэтгэл хөдлөн явжээ. Эцэг Самаа нь Нийслэл Хүрээг хамгаалах зуун цэргийн ангид орж, эх Дэнсмаа нь Нийслэл Хүрээний хавьд Сэлбийн голд энгийн аж төрөн суух болжээ. Эцэг эх нь хөвгүүн Ишгомбыг эрдэм номд улмаар сургахын тулд тэдний хошуунаас Гандантэгчэнлин хийдэд ирж, бурханы номд нүд ихэд нээгдсэн гавж Лосолд шавь оруулж, ном заалгах болжээ.

Монголын Буддын шашны сургуулиудын дотроос Гандангийн Шашны Их Сургууль хамгийн их алдартай нь билээ. Энэ их сургуульд шашны гүн ухааны хичээлүүдээс гадна тэр үеийн байгалийн шинжлэл, бусад амьдрал байдлын холбогдол бүхий ухаануудыг үзэж судалдаг байжээ. Эдүгээ ч Гандантэгчэнлин хийдийн дэргэд Шашны дээд сургууль хичээллэж байна. Халхын дорнод нутгийн хүү Ишгомбо Монголын уламжлалт шашны их сургуулийн тогтолцоонд орж суралцах болсон нь түүний хойшдын хувь учралд их ач тустай болжээ.

Багш Лосол нь Ишгомбыг Ганданд шавилан сууж ном үзэж эхлэх өлзий учрал бүрдсэн өдрийг товлож тогтоосон нь, арвантавдугаар машид гарсаны дөчин есдүгээр хар хулгана жил, Монголын Богд хаант улсын олноо өргөгдсний хоёрдугаар он, Европын 1912 оны, өвлийн сүүл сарын шинийн есөн, Гандантэгчэнлин дээр шинээр байгуулсан “Мэлмий нээгч Аръяабал бурхан” наян тохой өндөр, залгаас үгүй баганатай их сүмийг равнайлсан сайн өдөр байжээ. Тэр өдрөөс өнөөдрийн 1974 он буюу хөх барс жилийн хаврын адаг сар хүртэл 62 жилийн нүүр үзжээ.

Ишгомбо тэр өлзийт өдрөөс хойш Гандантэгчэнлин хийд дээр шавилан сууж, шинэ багшид бараалхаж, урьд үзсэн номуудаа сэлбэн сайжруулахын хамт чойрын ном заалгаж эхлээд нэгэн хэсэг хугацаа өнгөрсний дараа багш нь Их Хүрээний олон дацангаар мөргөл хийж, өөрийн хурах сүжиг төгс дацангаа сонгож олоорой хэмээжээ. Ишгомбо Их Хүрээний чойрын нэрт гурван дацангаар орж мөргөл хийгээд өөрийн зүүд зөнд урьд үзэгдсэн бэлэг тэмдгийг баримтлан “Хойд дацан” хэмээн энгийн хэлэлцэх Идгаачойнзэнлин дацанд орж хурах хүсэлтэйгээ багшдаа айлтгаж, харагчин үхэр жил, Европын 1913 онд арван гурван настайдаа тэндхийн хувраг болжээ. Ишгомбо цагаагчин тахиа жил (Европын 1921 он) хүртэл есхөн жилийн дотор Цэцэн хан аймгийн Гадин засгийн хошууны (Одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум) лам Цэрэндорж, баруун Зуугийн (Лхас) Дарма Лочин лхаарамба хэмээх Чоён нарын зэрэг олон сайн багш нарыг шүтэж бурханы ном билиг барамид, шалгадаг ухааны номыг суралцан судалж, буддын гүн ухаанд сайн боловсорсон лам болсон байжээ.

1921 оны намар Ишгомбо хорин насандаа домын дамжаа барьж, ухааран өгүүлэх, сөргөн хэлэлцэх, марган шүүмжлэлцэх чадлаа осолгүй үзүүлэн, гэвш (буяны садан) болж, бурханы номыг улмаар гүнзгийрүүлэн судлахын хамт бусдад багшлан заах мэдлэгийн хэмжээнд дэвшин чаджээ. Ишгомбо гэвш болсны дараагаар бурханы номд улмаар мэргэжихийн тулд Мадъяамака, Авидарма, Винайн ёсны дээд номуудыг үзэж эхэлжээ. Ишгомбо Мадъяамака номыг багш Цэрэндоржоор заалгаж, өөрийн хичээл шамдал сайны хүчээр тэр номыг хоёр жил үздэг хугацаанд нь багтаан судлан төгсгөж, түүнийг цаашид үргэлжлүүлэн судлах дэвсгэртэй болжээ. Монголын бурханы шашны ёсонд хорин нас хүрээгүй лам хүн гэлэн болдоггүй байсан учир Ишгомбо хорин насандаа гэвш болсон боловч гэлэн болж чадаагүй, харин хорин хоёр насандаа харагчин гахай жил, 1923 онд гэлэн санваар хүртжээ.

Монголын буддын сургалтын тогтолцоо ёсоор гэвш болсон аливаа лам нар бурханы номын гүн үзлийн мэдлэгийг нэмэн олох ёстой байсан учир гэвш Ишгомбо мөн ёсыг дагаж, авидарма, винайн ёсны номуудыг заалгахаар Их Хүрээний шунлайв Раднааг (1870-1964) багшид шүтэж хөхөгчин гахай жил, Европын 1935 он хүртэл арван гурав дөрвөн жил үргэлжлэн шамдан үзэж судалсан байна. Ишгомбо гэвш болсноос хойш хөх барс жилд (1926 он) гаарамбын зиндаанд нийлж, жил бүрийн хаврын сүүл сард доорд зиндааны ламтай ном хаялцах, ном хаялцуулах авидарма, винайн ёсны ном заадаг болжээ. Үүнийг тэр цагт “Гаарамбын тархлага” буюу тархаж очих хэмээн нэрлэдэг байжээ.

Шарагчин могой жил, Европын тоогоор 1929 онд гавжийн (арван бэрх) дамжаа барихаар тушаагдсан нь гэвш Ишгомбо бурханы гүн үзлийн ном, авидарма, винайн ёсны зэрэг номуудыг улам хичээн судалж алжаалыг эдлэн гучин дөрвөн насандаа хөхөгчин гахай жилийн (1935) намар цаг гавжийн дамжааг түгдрэлгүй барьж, буддын гүн ухааны эрхэм дээд зэргийг хүртэж, тэр цагийн номтой сайн гавж нарын тоонд оржээ.

Ишгомбыг номын нөхөд нь “Гомбо” хэмээн дуудаж байсан бөгөөд сүүлдээ “Гомбожав” хэмээн дуудах болж хэвшсэн байна. Монгол лам нар гавжийн мяндаг хүртсэний дараагаар элдэв ухааны номуудыг нэмэн үзэж хувраг хэвээр үлдэх нэг хэсэг байхад буддын таван ухааны аль нэг салбар ухааныг дангаар нягтлан судлах явдалд бие сэтгэлээ зориулагчид мөн байдаг байж билээ.

Гавж Гомбожав урьд голчлон үзсэн чойрын номоо улмаар нягтлан судалж, олсон эрдэм ухааны мэдлэгээ олон талаар гүнзгийрүүлэх замыг дагасан амой. Гавж Гомбожав Ардын засгийн газраас үүсгэн явуулж байсан ард түмнийг гэгээрүүлэн боловсруулах шинэ тутам ажлуудыг талархан, үндэсний монгол бичиг үсэгт сурч, Монгол ард улсын шинэ цагийн эрдэм ухааны төв Судар бичгийн хүрээлэнгийн (Эдүгээгийн Шинжлэх Ухааны Академийн үүсгэвэр) ажлыг эрдэм номыг эрхэмлэгчийн хувьд ихэд сонирхож, түүнийг цуглуулах, ховор ном судрыг эрэн сурвалжлах ажилд 1923 оноос оролцох болжээ. Монгол ард улсын номын сангийн монгол, түвд, нанхиад, европ дахины хэлний үлэмж олон ном зохиолыг шинжлэх ухааны үүднээс бүртгэж, ухаан бүрийн салбараар ангилах нүсэр их ажилд гавж Гомбожав монгол ардын соёлын өвийг сонирхон судлагчийн хувьд оролцож, Монгол ард улсын номын сангийн Азийн анхны төвд хэлний судар номыг ангилан ажиллах тусгай гарын авлагыг олон улсын номын сангийн ухааны үндэстэй боловсруулалцаж хэрэглэсэн ба монгол нэрсийн гурван үсгийн тэмдэгтээр ном ангилах зааврыг туршлагатай номын санч Д.Сүрмаажавтай элбэж зохиосон боловсон номын санч бөгөөд тэр заавар ном нь монголын номын санчдын гарын авлага болсон байна. Монгол ард улсын номын сангийн үлэмж баялаг цуглуулга бүхий төвд номын сан хөмрөг нь гавж Гомбожавт Монголын буддын соёлын өвийг шинжлэн судлах дуршлыг төрүүлсэн байна. Түүний дээр академич Ринчингийн оновчтой дуртгалын хүчинд дулдуйдаж, Гомбожав гавж Монголын хоёр зуу гаруй эрдэмтэн лам нарын төвд хэлээр зохион бичсэн элдэв ухааны асар олон боть бүтээл туурвилыг бүртгэн авч, зохиогч тус бүрийн зохиолын төрөл зүйлтэй танилцаж, “Монголчуудын төвд хэлээр зохиосон зохиолын зүйл” хэмээх гойд сонин илтгэл бэлтгэж, 1959 онд Улаанбаатар хотноо хуралдсан олон улсын монгол хэл бичгийн эрдэмтний анхдугаар их хуралд тавьж хэлэлцүүлэн, гадаад дотоод эрдэмтдийн сайшаал таашаалыг хүртэн хүлээсэн байна. Уг илтгэлд монгол лам нарын төвдөөр бичсэн зохиолуудыг бүрэн судлах ажлыг цаашид үргэлжлүүлэн хийх хэтийн бодолтойгоо цохож тэмдэглэжээ.

Монгол лам нар төвд-монгол, монгол-төвд хэлний орчуулгыг “нэрийн ном” хэмээн нэрийдэж, хоёр хэлний орчуулгыг тэгш суралцаж, нэрийн номд сайжрах сургууль хийж байжээ. Олонхи лам нар үндэсний монгол бичгийг үзэлгүйгээр монголын аман бичгийн хэл дээр цээжээр орчуулга хийж сураад, төвд номыг шууд монголчилон түгдрэлгүй унших, монгол хэллэг, өгүүлбэрийг амаар шууд төвдчилөн орчуулах зэргээр хоёр хэлэн дээр нэгэн зэрэг ном хэлэлцэх, маргах, зохиох заншилтай болсоор олон зуун жил өнгөрчээ. Гавж Гомбожав мөнхүү тогтсон заншлыг мөрдөж, бага наснаас нэрийн ном үзэж сайжраад, монгол бичиг үзсэнээс хойш төвд, монгол хэлний их бага гар бичмэл, дармал даяг дүймэнг улам бүр сонирхох болжээ.

Монголчууд төвд, монгол хоёр хэлний дохионы толь бичгийг зохиохдоо төвд үгийг төвд үсгээр, монгол үгийг монгол бичгээр бичихээс гадна монгол үгийг төвд үсгээр үгчилэн бичиж зохиох журам бас байжээ. Монгол ард улсын номын санд тийм хоёр янзын хоёр хэлний дохионы бичиг хэд буй. Тэдгээр толь бичгээс нилээд сайн бүрэнд тооцогддог нь Халх Монголын өрнөд хэсэгт лам Ишдоржийн дан төвд үсгээр зохион бичсэн төвд, монгол хэлний “Мэргэдийн далай” хэмээх дохионы бичиг (596 нүүр), Буриад монголын эрдэмтэн Номтын Ринчин хэмээх Сумадираднаагийн зохиосон төвд монгол хэлний “Нэр, үг, утга гурвыг тодруулсан харанхуйг арилгагч зул” хэмээх дохионы бичиг (1241 нүүр) болно. Монголын буддын соёлын дурсгал тэр хоёр толь бичгийг Монгол ард улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнгээс хэвлэн нийтлэх тухайд гавж Гомбожав сайн төвдчийн хувьд шамдан оролцож, Ишдоржийн “Мэргэдийн далай” хэмээх толийн монгол үгийн бүгд хэлхээг (338 нүүр) шинээр нэмэн зохиож дармалах техник ажилд биечлэн оролцжээ.

Сумадираднаагийн “Нэр, үг, утга гурвыг тодруулсан харанхуйг арилгагч зул” гэдэг толь бичгийг хэвлэх бэлтгэх ажилд Монгол улсын их сургуулийн төвд хэлний профессор Ц.Доржийн хамтаар оролцож, уг толийн гар бичмэлд монгол орчуулга үгүй онгорхой орхисон хатуу үгсийг монголчилон нөхвөрчлөх нарийн ажлыг хийлцсэн байна. Гавж Гомбожав төвд, монгол үгийн баялгийг судлалцахын хамт төвд хэлнээс монгол хэлэнд орчуулах, төвд хэлнээс хуучин уран зохиол орчуулах монгол аргын тухай өгүүлэл бичиж байжээ. Жишээ нь: Энэтхэгийн эртний сонгодог яруу найрагч Галийдаса, түүний монгол орчуулгын тухай товч өгүүлэл “Цог” сэтгүүлд нийтлүүлжээ. Мөн 19-р зууны үеийн Монгол эрдэмтэн лам, түүхч Дармадалагийн (Чойжамц) төвд хэлээр зохион туурвисан “Хор чойнжүн” хэмээх Монголд бурханы шашин дэлгэрсэн түүхийг өгүүлсэн номыг монголчилжээ. Дармадалагийн зохиол нь Монголын түүх бичлэгийн эрхэм дурсгал, итгэмжтэй сурвалж бичгүүдийн тоонд ордог юм. Монголчууд энэтхэг, төвд, нанхиад хэлнээс Бурхан Буддын сургаал, соёлын дурсгалт үлэмж олон ном судрыг багтаан хураамжилсан “Ганжуур”, “Данжуур”-ыг бүрэн монголчилсон их гавъяа буй бөгөөд тэр хоёр лут том гурван зуун хорь илүү ботид орсон судар шастираас олон дахин монголчилогдон дармалаар (бар хэвлэмэлээр) дэлгэрсэн боловч он цагийн өнгөрөлт ба олон амьтны хэрэгцээ нэмэгдэж, манай соёлын түүхийн хөгжлийн үе эрин бүрт ахин дахин дармалагдаж (барын хэвээр хэвлэгдэж) байх уламжлалтай болсон билээ. Тэр сайхан буянт уламжлал ёс тасраагүй, сансар судлалын эрин үед ч үргэлжилж байна. Тийм сайн үйлсэд гавж Гомбожав Гандантэгчэнлин хийдийн эрдэмт лам нарыг тэргүүлэн оролцож байна. Үүнд бурхан багшийн сургаал, гүн ухааны эрдэнэт дурсгал болсон “Зориуд өгүүлэхүй цомирлиг ба номын бадаг хоёрыг хавсарч судалсан шастир Уданабарга Дармабада” хэмээх номыг монгол төвд хэлээр 1966 оноо (972 нүүр) Улаанбаатар хотноо хэвлэн нйитэлсэн явдлыг цохож толилуулахад илүүц бус болой.

Монгол ард улсад буддын судлал, төвд судлал хөгжиж, Монголын Шинжлэх Ухааны Академи, гүн ухаан, хэл зохиолын хүрээлэнгүүд, Монгол Улсын Их Сургуулийн хэл бичгийн танхим, Гандантэгчэнлин хийд, түүний дэргэдэх Шашны Дээд Сургуулийн газар буддын судлал, төвд судлал эрхлэн оролдох тасаг, бүлгүүд ажиллаж байна. Дээр дурдсан судлалын боловсон хүчин, дээд мэргэжилтнийг бэлтгэхэд гавж Гомбожав төвд хэл заах, монголын бурханы шашны гарал түүхийг зааж багшлах зэргээр зүтгэж байна. 1936 оноо Гандантэгчэнлин хийдийн гавж Загд, Эрдэнэпэл, Шадав, Ринчинхорлоо нарын зэрэг хорь гаруй лам нар буддын шашны сэтгүүл гаргах зөвшөөрлийг Засгийн газраас гуйн мэдүүлэхэд гавж Гомбожав тэргүүлсэн дөрвөн хүний нэг нь байжээ. Тус сэтгүүлийг “Лам нарын сэтгүүл” хэмээн нэрийдэж Улаанбаатар хот дахь Гандан хүрээний лам нарын сэтгүүлийг эрхлэх газраас сар тутам нэг удаа хэвлэн нийтлэх болжээ. Сэтгүүлийн өгүүлэл, тэмдэглэл, мэдээллийг монгол хэлээр, монгол төвд хоёр үсгээр бичиж хэвлэхэд гавж Гомбожав гардан оролцогчийн нэг нь байжээ.

Арван зургадугаар машид гарсны гучиндолдугаар цагаан хулгана жил, 1960 оны наймдугаар сарын хорин тавнаа гавж Гомбожавын тавин есөн сүүдэр зэрэгцсэн жилд Монголын шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамбаар суулгажээ. Энэхүү эрхэм дээд шашны тушаалд түүнийг сонгон тоосон нь түүний ариун бодь сэтгэл, үнэн цагаан санааны үр шим боловсорсныг гэрчилж байна.

С.Гомбожавын бурханы номын гүн нэвтэрхий мэдлэгийг тэмдэглэж, түүнд “Номч мэргэн гавж” цол олгожээ. Монголын бурханы шашинтны үндэсний төв нь Дэлхийн Буддистуудын Холбооны идэвхтэн бөгөөд нөлөө бүхий гишүүн нь болж бурханы номыг номлон дэлгэрүүлэх, нийт хүмүүсийн боловсролыг тэтгэн хөгжүүлэх хэрэгт хамба Гомбожав хоёрдох сэтгэлгүй удирдан оролцож байна.

1961-1974 онд буюу сүүлийн арван гурван жилийн дотор Монголын Бурханы Шашинтны Төвийн тэргүүн С.Гомбожав хорь гаруй удаа гадаадад зорчиж, шашны ба энх тайвны их хурал, бага хурал, тусгай чуулган уулзалтад оролцжээ. Дэлхийн Буддистуудын Холбооны зургаагаас аравдугаар ерөнхий бага хурал хүртэл идэвхтэй оролцож, заримд нь энх тайвны асуудлаар тогтоолын төсөл оруулан батлуулж, заримд нь үг хэлж байжээ. Монгол ард улсын бурханы шашинтан ба Монголын Бурханы Шашинтны Төвийн тэргүүн, номч мэргэн гавжийн үйл хэргийн нэгэн чухал хэсэг нь 1970 он буюу арван зургадугаар машид гарсны дөчин долдугаар цагаан нохой жилийн хавар цаг Ази тивд өнө бат энх амгаланг тогтнуулахын учир нийтийн үйлсэд бурханы шашинтны өргөх хувь нэмрийг арвижуулахын үүднээс Азийн бурханы шашинтны уулзалтыг зохион байгуулжээ. Тус уулзалт дээр хамба номч мэргэн гавж “Энх тайвны төлөө Азийн бурхан шашинтны хамтын ажиллагааг өрнүүлье” хэмээх нэртэй илтгэлийг айлтгаж хэлэлцүүлжээ. Илтгэлийн үг нь “Бурханы шашинтан бидний хувь нэмэр бол сүсэгтэн олноо дайны утаанд хордуулахгүй, энх тайвны төлөө улс үндэстнийхээ эрх ашиг, хамаг амьтны тусыг бодох, оюун ухааныг гийгүүлэх явдал мөн. Азийн бурхан шашинтны энэ уулзалт хүнийг энэрэн хайрлах үзэл санааг дэлгэрүүлэн бадруулна гэдэгт бат итгэж байна. Азийн бурханы шашинтан даян дэлхийн хамаг амьтны энх амгалангийн үйлсэд тус дөхөм болох чин зорилгын үүднээс хамтран ажиллах явдлыг зохицуулж байх нэгдсэн төвтэй болвоос ямар бол хэмээн бодмой” хэмээжээ. Уулзалтад оролцогчид Монголын Бурханы Шашинтны Төвийн саналыг дүүрэн зөвшөөрч дэмжжээ. Азийн энх тайвны төлөө тэмцэлд Азийн бурханы шашинтны чармайлтыг өрнүүлэн зохицуулах хэрэгт туслах хороо байгуулж (Азийн Буддистуудын Энх Тайвны Бага Хурал), ерөнхийлөгчөөр гавж Гомбожавыг сонгожээ. Энэхүү Ази дахины бурханы шашинтны энх тайвныг өрнүүлэх байгууллага байгуулсан тухай шийдвэрийг Загалмайтны шашинтны энх тайвны талынхан ч дэмжсэн байна.

Арван зургадугаар машид гарсны дөчин наймдугаар цагаагчин гахай жил, Европын 1971 онд номч мэргэн гавж, хамба Гомбожав далан сүүдэр зооглосон байжээ. Түүний төрсний далан жилийн баярт ойг сүсэгтэн түмэн мишээхүй царайгаар ёслон тэмдэглэжээ. БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн зарлигаар хамба Гомбожавт Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон шагнан хайрласан нь түүний олон жилд ард түмний аз жаргал, энх тайвны хэргийн төлөө шудрага зүтгэсний бат баримт болжээ.

Номч мэргэн гавжийн шашин суртахуун, энх амар байдлын тухайд үйл явууллага нь Монгол орон, Ази дахинаас халин гарч даян дэлхийн хэмжээ цартай болсон байна. Энэ тухай Цейлоны Азийн Бурханы Шашинтны Конгресс хэмээх байгууллагын ерөнхийлөгч лам Суманатиса “Танай эрхэм лам С.Гомбожавын зүгээс энх тайван, сайн сайхныг зөвхөн Ази даяар барахгүй, даян дэлхийд тогтоохын төлөө асар их хүчин чармайлт талбиж байгааг миний бие бишрэн хүндэтгэж баймой” хэмээн тэмдэглэжээ.

Номч мэргэн гавж Гомбожав 1962 оноос дэлхийн энх тайвны их хурал, бага хурал, зөвлөгөөнд одох Монголын энх тайванч хөдөлгөөнийг талархан дэмжигч халуун сэтгэлтний нэг нь болж, Москва, Токио, Хиросима, Хэльсинк, Берлин, Будапешт хотуудад хуран чуулсан энх тайвны талынханы ба энх тайвныг эрхэмлэгч нартай нүүр тулан учрах сайхан хувь учралтай явсныг бахархан хүүрнэдэг болой. 1973 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо хуралдсан дэлхийн энх тайвны зөвлөлийн тэргүүлэгчдийн хорооны хуралд хамба Гомбожав идэвхийлэн оролцож, “Азийн буддистуудын энх тайвныг өрнүүлэх хороо нь даян дэлхийн энх тайван, шудрага ёсыг тогтоож, дэвшил хөгжлийн сайхан боломжийн төлөө бүхий л хүчин чармайлт юугаан тавьж ажиллахад бэлхэн байна. Та бүхнийг гурван эрдэнэ өршөөх болтугай. Даян дэлхийд энх тайван мандтугай” хэмээжээ. 1970 оны аравдугаар Ташкент хотноо хуралдсан Лалын шашинтны бага хурлын төлөөлөгч олонд айлтгасан үгэндээ “Хүн төрөлхөтөн энх амгалан, ахан дүүсийн эв санааны нэгдэл, энэрэнгүй ёс ил мандахыг үеийн үед хүсэн мөрөөдсөөр ирсэн бөгөөд хамаг амьтны тусыг бодогч ямар ч шашинтан бид нийгмийн амьдралаас жожигрон тасарсан хоосон бясалгагч байж болшгүй бөгөөд арван цагаан буяны үүднээс энэрэнгүй зарчмыг бадруулан хүний амьдралд цагаан санаа ялахын төлөө идэвхтэй тэмцэгч байх нь аль ч шашны ёсонд бүрэн нийцмүй гэж бид үзэж байна” хэмээжээ. Энэхүү айлтгал үгнээс үзвээс хамба Гомбожав энх тайвныг эрхэмлэгч олон шудрага сүсэгтний хүчийг нэгэн дор зангидваас олон улсын энх тайван, дэвшил хөгжлийн лут их хүч болдог юм байна гэж бодьтой бишрэн итгэсэн нь илэрхий ажээ. Тийм ч учраас “Зэвсэг барин тэмцэгчид цэцэг барин золгох болтугай” гэж бурханы сургаалиас шүн татсан байжээ. Даян дэлхийн бат бэх энх тайван мандтугай хэмээн бурхандаа залбиран, оюун мэдлэгийн ариун дээжээ шашин амьтны тусын тулд зориулан зүтгэж байгаа Монголын бурханы шашинтны төвийн тэргүүн, номч мэргэн хамбын гурван төрийн нүүр үзэж, сурч судалж, үйлдэж бүтээж явсан бие, сэтгэл, явдал гурвын хураангуй намтар төгсөв.

Сайн буян. 1974.05.06

эх сурвалж: buddha.mn

Comments

comments

Check Also

Түүхийн хар толбо:“1932 оны бослого”

ХХ зууны Монголын түүхэн дэх одоо хэр нь бүрхэг, орхигдсон, тойрч дөлдөг  олон асуудлын нэг …

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!