Breaking News

Буддагийн 32 лагшин 80 найраг

Будда нарын эрхшээх ёстой бие лагшингийн өвөрмөгц байдлыг тоймлон 32 төрөл, нарийвчилан 80 төрлөөр тоолдог бөгөөд үүнийг 32 лагшин, 80 найраг хэмээдэг. Буддагийн 32 лагшин өлзий бүрдсэн энэхүү байдал нь урд төрлийн буянт сайн үйлийн үр хэмээсэн байдаг. 500 төрлийн урдаас зургаан билиг барамидаар замнаж, сайн буяны шалтгаан бүрдсэнээр төрөл хойтдоо хүний биеийг олж төрөхдөө өвөрмөгц өлзий төгс бие цогцосыг эрхшээсэн байна.
80 найраг нь Буддагийн үзэсгэлэнт бие бөгөөд, 32 лагшин нь их лагшин, 80 найраг нь бага лагшин хэмээдэг ба судар бүрд ялгаатай тэмдэглэсэн байдаг. Буддагийн хөрөг дүр нь зайлшгүй 32 лагшин, 80 найраг төгс шинжийг агуулсан байх хэрэгтэй бөгөөд будагийн хөрөг нь ямар зүйлээр хийснээс нь үл хамааран эдгээр зүйлсээс ангид буддагийн дүрийг бүтээн урлах нь боломжгүй хэмээжээ. Гэвч буддагийн сүр жавхланг бийр будаг, алт гуулиар бүрэн илэрхийлж гаргахад боломж нөхцөл муу хэмээсэн нь ч буй.
32 лагшин 80 найргийг дунд “Агама” сударт хэрхэн тэмдэглэсэнг сийрүүлэвэл:
32 лагшин нь:
1. Толгойн оройдоо usnisa / жүгдор буюу оройн гэзэгний хэлбэр/ буй.
2. Бүрээ адилын оройн үс нь баруун зүгрүү эргэлдсэн хэлбэртэй ба өнгө нь хар хөх
3. Магнай нь өргөн тэгш шулуун хэлбэртэй
4. Хоёр хөмсөгний завсарт цагаан үс нүдний цагаан өнгө лугаа адил буй
Энэ буддагийн лагшин найраг дотроос хамгийн эрхэм зүйл болой.
5. Сормуус нь үхэрийнх шиг урт
6. Нүд нь хөх бадма лугаа өтгөн тод өнгөтэй.
7. Шүд нь 40 ширхэг
8. Шүд нь нягт шигүү бөгөөд тэгшхэн
9. Шүд нь болор / мөн нэгэн цагаан цэцэгтэй зүйрлэсэн нь буй/ адил цагаан
10. Дуу хоолой Эсүрва тэнгэр лугаа адил
11. Амттан дороос сайхан амттанг олох
12. Хэл нь зөөлөн нимгэн
13. Хацар нь арслан лугаа адил
14. Хоёр мөр нь мөлгөр, өө үгүй
15. Биеийн хэмжээ 7 тохой орчим
16. Чээж нь төв тэгш арслангийн чээж лугаа адил
17. 4 араа нь дун цагаан
18. Арьс нь зөөлөн тунгалаг, тэгш толигор, алтны өнгө лугаа адил
19. Бие тэгш шулуун
20. Гараа доош буулгавал өвдгөндөө хүрэх
21. Биеийн хэсэг бүр нь тэгш ба nuyagrodha мод лугаа адил
22. Шар үсний нүх бүрт үс гарсан ба бүгд нэгэн жигд
23. Биеийн үс нь баруун талруугаа бүгд цагиралдан мушигралдсан
24. Бэлэг эрхтэн нь далд нууцлаг үл харагдах
25. Гуя нь тэгш шулуун бөгөөд урт
26. Гэдэс дотор нь халиу буганы хаан лугаа адил
27. Шагай мөлгөр тэгш ба хөлийн хуруунууд нь нарийхан урт
28. Хөлийн гануу нь бондойж гарсан
29. Гар хөл нь зөөлхөн булбарай
30. Гарын хуруу болон хөлийн хуруу хоорондох завсарт нь торлог бүрхүүвчтэй
31. Гар хөлний алга тус бүрт дугуй хэгээстэй, гэрэл туяарсан
32. Хөлний ул нь тэгш шулуун, өө сэвгүй тул зорчиход амгалантай

80 найраг
1. Гарын хумс нь нарийн цагаан урт ба гялалзсан өнгөтэй
2. Гар болон хөлийн хуруунууд нь толигор зөөлөн үе нь үл мэдэгдэх
3. Гар болон хөл нь төстэй ба ялгаа бараг үгүй
4. Гар хөл нь жигд булбарай жигдхэн ба гялалзсан өнгөтэй
5. Шөрмөс болон судас нь ил үл харагдах
6. Шагай нь гаднаа үл харагдах
7. Алхаа хэмнэл нь тэгшхэн, зөөлөн гишгэх ба заан адил
8. Алхаа байдал нь сүрдэм бөгөөд арслан лугаа адил
9. Алхаа нь чимээгүй үл мэдэгдэх төдий үхэр лугаа адил
10. Явдлаа зогсоох үедээ эвтэйхэн зөөлнөөр галуу лугаа адил
11. Биеээрээ эргэж харахдаа заавал баруун талруугаа эргэх
12. Хөл өөгүй тэгш жигд үзэсгэлэнтэй
13. Ясны үеүүдийн холбоос нь зайгүй хулсны үе лугаа адил
14. Өвдөг нь үзэсгэлэнтэй тэгш
15. Нууц эрхтэн нь өнгө ялгамжаатай ариун нууцлаг
16. Бие ба хөл нь гялалзсан толигор зөөлөн хир тогтох нь үгүй
17. Биеийн галбир нь бат гүн сүрдэм бөгөөд сул дорой бус
18. Бие болон хөл нь бат бөх, хүдэр чийрэг сайтар холбогдсон
19. Биеийн дээд болон доод хэсэг нь буйртай ганхах нь үгүй
20. Бие галбир нь тэнгэр лугаа адил өв тэгш тоос үгүй цэвэрхэн
21. Бие нь туяа татсан тунгалаг гэрэлтэй
22. Гэдэс нь дөрвөлжин өө сэвгүй олон хэлбэртэй
23. Хүйс нь гүн баруун талруугаа эргэлдсэн, цэвэрхэн, туяатай
24. Хүйс нь гүн бат хонхойсон бөгөөд наашаа товойлгүйгээр дугуйрсан
25. Арьс нь сэвх, мэнгэ, ур, үй үгүй цэвэрхэн
26. Гарын алга нь булбарай чийрэг хөлийн ул нь тэгш
27. Гарын алганы хээ нь цэх шулуун
28. Уруул нь улаан гялалзсан толигор гэрэлтсэн өнгөлөг
29. Нүүрний хэмжээ нь урт богино биш, том жижиг ч биш тэгш үзэсгэлэнтэй
30. Хэл нь зөөлөн нимгэн зэсний өнгө лугаа адил ба өргөн урт
31. Дууны өнгө нь гүн сүрлэг сүрдмээр арслангийн лугаа адил
32. Дуу хоолой нь яруу тод үзэсгэлэнт хөндий лугаа адил
33. Хамар нь өндөр тэгш нүх нь үл харагдах
34. Шүд нь тэгшхэн өө сэвгүй цэвэрхэн цагаан
35. Соёо нь бөөрөнхий мөлгөр үзүүр лүгээ хурц
36. Нүд нь тунгалаг гэгээн хар хэсэг болон цагаан хэсэг нь тод ялгагдах
37. Нүд том бөгөөд хөх лянхуа адил
38. Сормуус нь дээд доод нь тэгш бөгөөд өтгөн
39. Хөмсөг нь урт нарийн өтгөн
40. Хөмсөгний өнгө нь сайтар өнгөлөг хар улаан усан болор лугаа адил
41. Хөмсөг нь хавирган сар лугаа адил толигор
42. Чих нь зузаан том урт, омог нь доош унжсан
43. Хоёр чих нь үзэсгэлэнтэй тэгшхэн сорви үгүй
44. Царай төрхийг харсан хүн бүхэн хүндлэх сэтгэл төрөх
45. Магнай өргөн уужим үзэсгэлэнтэй
46. Ташаа бие нь арслан лугаа сүрлэг
47. оройн үс урт хар хөх өтгөн
48. Оройн үс сайхан үнэртэй ба зөөлхөн баруун талруугаа эргэлдсэн
49. оройн үс нь ширэлдэж ороолдсон нь үгүй
50. оройн үс хатуурч хугарсан нь үгүй
51. оройн үс нь толигор хир тогтсон нь үгүй
52. биеийн галбир нь бат бэх чийрэг
53. чих том бие нь өв тэгш
54. биеийн нүх сүв нь цэвэрхэн ариун
55. бие ба хэл нь гарамгай жиших хүн үгүй
56. бие галбир нь олон хүмүүс харваас баясах ба эгдүйцэх нь үгүй
57. нүүр царай нь өргөн дугуй 15 ны сар лугаа тунгалаг
58. харц амгалан инээмсэглэн мишээсэн
59. царай нь гэрэлтсэн гял цал үрчийх, хөхрөх, улайх нь үгүй
60. арьс нь цэвэрхэн хир толбо, үнэр танар үгүй
61. шар үсний нүхнээс нь сайхан үнэр анхилсан
62. амнаас нь анхилан үнэр гарсан
63. хүзүү нь бөөрөнхий үзэсгэлэнтэй
64. биеийн үс хархөх өнгөтэй цэвэрхэн тогос шувууны хүзүү лугаа адил
65. сургаал айлдах нь сонсож буй олон цөөнөөс хамааран ойлгогдох
66. толгойн орой нь харагдах үгүй
67. гар хөлний хуруунуудын завсар нь тор адил нимгэн хальстай
68. алхах үед хөлөө газраас 4 чи орчим удаанаар зөөн тавих ба гишгэсэн газар бүрт хээ угалзны мөр гарах
69. номын хүчээр өөрийгөө хамгаалах ба бусад хүмүүст найдан түшэх нь үгүй
70. буян хишиг өргөнөөр түгэж муу сэтгэлт төрөлхтөн айн сүрдэх ба айдаст автсан төрөлхтөн түвшин амгаланг олох
71. дуу хоолой нь төрөлхтөнд сэтгэлийн амгалан тайванг өгөх
72. олон төрөлхтөнд тэдний хэлээр, сэтгэлд нийцсэн сургаалийг айлдах
73. нэг төрлийн хэлээр айлдвар айлдахад олон төрөлхтөн өөр өөрсдийнхөөрөө ойлгож сонсоно.
74. айлдвар айлдахдаа дэс дараалалтайгаар, зайлшгүй барилдлага шалтгаантай айлдах ба өчүүхэн төдий мадаг үгүй
75. төрөлхтөнийг өв тэгш үзэх ба сайн үйлсийг магтах, муу үйлийг зэмлэн буруушаах ч хэлбийж туйлшрах, ялган хайрлах нь үгүй
76. олон янзын үйлийг хийхдээ эхлээд сайтар ажиглан шинжиж дараагаар нь гүйцэтгэх ба үлгэр дуурайл үзүүлэн ариун үйлийг ойлгуулах
77. хайраар бялхах тул олон хүмүүсийн өргөл хүндлэл нь хязгааргүй
78. толгой тэргүүний яс нь хатуу бөх, өө үгүй
79. царай нь үргэлж залуугаараа хөгшрөх нь үгүй
80. гар, хөл болон зүрхний харалдаа өлзий тэмдэг байх ба баяр баясалаар бялхан, хээ угалзтай улаан шар гэгээтэй торго адил.

Comments

comments

Check Also

Түүхийн хар толбо:“1932 оны бослого”

ХХ зууны Монголын түүхэн дэх одоо хэр нь бүрхэг, орхигдсон, тойрч дөлдөг  олон асуудлын нэг …

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!