Breaking News

Монгол лам нарын гүн ухааны зохиолын зарим тойм

soninbayr-bagshМонгол ард түмний олон зуун жил хуримтлуулсан оюуны соёл, ном эрдмийн салшгүй нэгэн зүйл нь монголчуудын төвдөөр зохион туурвисан олон арван боть ном судар юм.Олон арван боть судар номыг монголын эрдэмтэн лам нар их бага таван ухааны чиглэлээр зохиож бүтээсэн байдаг.Би энд зөвхөн бурханы шашны дотоод ухааны доторх цанид чойрын гүн ухааны талаарх монгол лам нарын туурвисан зарим алдартай зохиолуудын талаар дурьдах юм.Энд олон зүйлийн эрдэм ухаанд боловсорсон номтой лам нар төрж гарахад нөлөөлсөн зарим нөхцөл шалтгааны талаар дурьдахгүй өнгөрч болохгүй юм.
Өндөр гэгээн Занабазарын үед түүний шавь, Ламын гэгээний нэгдүгээр дүр Лувсанданзанжанцан, Зая бандидын нэгдүгээр дүр Лувсанпэрэнлэй, Шиваа ширээт хутагтын нэгдүгээр дүр Лувсан, Дараб бандидын нэгдүгээр дүр Содовжамц, Чин сүжигт Номун ханы нэгдүгээр дүр Норовширав нар Цаст Төвдийн Дашлхүнбо,Сэра зэрэг томоохон хийдэд шавилан сууж шашны гүн ухааны өндөр боловсрол олж иргэж ирээд Монголд сүм хийд байгуулж, дацан сургуулийг үүсгэсэн нь монголын шашны гүн ухааны хөгжилд ихээхэн нөлөө болж чадсан юм.
Монголын 5-р богдын үе гэхэд Их хүрээний Гандангийн гүн ухааны их сургууль, Дашчоймбэл, Гунгаачойлин дацангаас гадна Дайчин вангийн хүрээ,Шанхын баруун хүрээ, Заяын хүрээ, Ламын гэгээний хүрээ,Сайн ноёны хүрээ, Сартуулын хүрээ,Галуутын хүрээ, Цэцэн ханы хүрээ, Өлгий, Олон хүрээ, Божггины баруун зүүн чойр зэрэг нэрт хийдүүдэд чойрын гүн ухаанд мэргэжсэн олон лам гарч ирсэн. Үүний дотроос Жидарын хамба Агваанхайдүв, Шижээ гавж, Агваандондүв, Бичээч цорж Агваандорж, Агваантүвдэн равжамба, Агваанбалдан цорж,Дашдоо гүний хошууны Дандончойнзад лам, Брагри Дамцагдорж нар Төвдийн Лхас,Сэра,Брайбүн, зэрэг гүн ухааны гол хийдэд төвдийн олон номын мэргэдтэй ном хаялцаж, цаст Төвдийн номын мэргэдийн дунд монголчуудын мэдлэг ухааныг гайхуулж байжээ.
Намдоллингийн цорж Агваанбалдангийн зохиосон “Дэнни”Ондагжангийн тайлбар” “Уманжүгвийн тайлбар” Агваантүвдэн равжамбын зохиосон Парчин игчааны “Бар гав цигжидийн дэлбэ” Дандончойнзад ламын “Парчин игчааны зүүлт тайлбар алтан түлхүүр”, Брагри Дамцагдоржийн “Уманжүгвийн тайлбар” зэрэг гүн ухааны зохиолууд нь гүн ухаан судлах , дацан сургуулийн чухал хэрэгцээтэй ном болж байв. Үүний дараахан 19-р зууны дундуур Чин сүжигт Номун хан Лувсанжигмэджанцангийн “Парчин”,”Сайн хан Лувсандорж гавжийн “Ламрим таажод” “Цэцэн ханы Нанзад аграмбын “Сэм сэмжүн”, Их хүрээний Лувсандаш гавжийн “Дүйра”, Дайчин вангийн хүрээний Дандар аграмбын “Дүйциг” зэрэг шашны гүн ухааныг нарийвчлан судлахад чухал хэрэглэгдэхүүн болсон зохиолууд гарсан нь Эртний Энэтхэгийн Замбутивийн зургаан чимэг, хоёр манлай гэж алдаршсан найман их бандидагийн боловсруулсан чойрын гүн ухааны таван Зава болон төвдийн гүн ухаантан Банчинсодномдагва, Сэр Живзүнба, Гүнчинжамъяншадва нарын боловсруулсан таван ботийн игчааг шинжлэн судлахад үлэмжийн их ач холбогдолтой болжээ.
20-р зууны эхээр Их хүрээний гүн ухаан шашны их сургуулийн сургалтаар олон тооны гавж нар төрсөн нь чойрын гүн ухааны боловсрол хөгжлөөрөө монголдоо тэргүүлэх байр суурь эзлэх болсон байна. Үүнийг батлах нэг жишээг дурьдвал 1905 онд Төвдийн 13-р Далай лам Түвдэнжамц өөрийн бараа болж явсан лхаарамбуудтайгаа Их хүрээний Гунгаачойлин, Дашчоймбэл дацанд монголын шилмэл гэвш нартай ном хаялцаад Сүнгийн анги Шагдар, Тойсанлингийн Зава Дамдин, Өөлд Содов, Боржигон Жамц нарын гүн ухаантнуудыг ихэд үнэлж магтаж байсан баримт байдаг. 20-р зууны эхээр Балдансамбуу дооромбын “Сэрэнпэрэнгийн чан” Гонгор Дооромбын “Дүйра”, Өөлд Содвын “Жүнбрай”, Анги Шагдарын “Парчин”,Зава Дамдины “Лориг,Дагриг”, Нүүрний Цэрэндорж гавжын “Парчин Доглан” зэрэг олон тооны гүн ухааны зохиолууд гарсан байна.
Ер нь энэ мэтчилэн монгол лам нарын гүн ухааны талаар туурвисан зохиол бүрийг тоочвол үлэмж олон юм.Монгол лам нарын зохиол бүтээлийн тоймыг гаргаж өгсөн Номч мэргэн гавж Гомбожав, боржигины гэвш Иштавхай нарын судалгаанаас харахад 200 гаруй хүмүүс хамрагдаж байна.Бид цааш нь лавшруулан судлаж монголын соёл , шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг тодруулан гаргаж номынхоо мэргэдээр бахархах хэрэгтэй байна.

Номын мэргэдийн яруу алдар замбуулинд бадрах болтугай.

\ доктор,гавж Ш.Сонинбаяр\

Comments

comments

Check Also

Гэгээрэх боломж хэнд ч бий

  Хүн төрөлхтөн ертөнцийг хоёр чиглэлээр танисаар ирж. Нэг нь туршлага, баталгаа нотолгоонд тулгуурлан юмс …

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!