Breaking News

Гүн увидас

Жалсрай ринбочэ,
“Эрхэм зарлигаар гэгээрэлд хүрэхэд
Энэ насны жаргалыг бүтээх
Энэлэлт хүслээс хортой нь үгүй.
Элдэв аргаар үүнийг л тэвч!
Оломгүй их буян үйлдэвч
Олхиогүй энэ шуналтай холилдвоос
Амтат идээг бөөлжисөнд хутгахчлан
Алив сайныг муутгах нь гарцаагүй.
Багш, нөхөд, садангууд тэмцэлдэн
Башир заль, хилэнцээс цээрлэлгүй
Эндлийг үл тоон эд хөөх нь
Энэ насны шуналаар солиорсных.
Бусдын баялагийг дарахын тулд
Булай хэрүүл тэмцлийг үйлдэн
Өөр бусдын амьдралыг бусниагчийн
Өр зүрхэнд ад шүглэжээ.
Эрхэм зарлигийн зулыг барьсан ч
Эд өлгийг эрэн бэдэрсээр
Нүглийн хавцалд унагч түүний
Нүд нь шуналын хороор сохорчээ.
Алдар нэр, олз хүндлэл,
Ашгийн төлөөх хэрэггүй өглөгүүд
Шимт тариаланг хиар цохигч
Шуналын хяруунд дарагдсан нь магад.
Номхон даруугийн суртлыг сахивч
Нирваны мөрийг хорин тушиж,
Хорвоогийн гянданд хүлэгч дөнгө нь
Хомхой шуналын гарт атгаастай.
Самадийг бясалгалаа ч самууран үймж,
Сайшаал магтаалд шунан тачаасаар
Амарлингуйн эрдмийн шимийг цөлмөх
Атхаг хүсэл-хорт ургамал.
Дээрэм, хулгай, өвчин, адыг
Дээдийн номын тотгор хэмээдэг ч
Тэмцэл шуналаас хагацсан цагт
Тэр бүхэн гэгээрлийн нөхөр.
Сайхан амьдралыг бүтээе гэвч
Санаан зоргоор биелэх нь ховор.
Хааяахан нэг олз оловч
Ханатал эдлэх баталгаа үгүй.
Аймшигт үхэл ирэхийн цагт
Алин байлаа ч тусгүйн дээр
Хагацал зовлонгийн шалтгаан болно.
Хурьцалт энэ амьдралыг орхи!”
хэмээн айлджээ. Энэ насны амьжиргаанаас нүүр буруулахыг сургах энэхүү номын утгын царааг хэмжихэд бэрх, гүнээс гүн увдис юм. Ухан ойлгоход хэцүүгийн дээр зовлонг арилгаж, жаргалыг цогцлоох ханьцашгүй арга мөний тул “гүн” хэмээн онцгойлсон хэрэг. Хутагт Энэтхэгийн оронд ч Читтаматра тэргүүтэн юмсын бодит байдлыг “үнэхээр бүтсэн”-ээр хүлээн зөвшөөрөгч хэнбугайд ч гэлээ “Юмс бүхэн хоосон чанартай. Үнэхээр бүтсэн зүйл гэж байхгүй” гэж хэлэхэд “Өө, хөөрхий, ийм дэмий юм ярьж байдаг, чи чинь солиотой юм уу!?” хэмээн элэглэн шоолдог. Яг үүнтэй адил, энэ насны амьдралаа бодогч гэвш, олон шавьд сургаал айлдагч багш, тантрыг амны уншлага болгон авшиг хүртээгч тарнич, хөл хорьж, ядам, хий, судлыг бясалгах их бүтээлч нар, мөн Махамутра, Их амарлил, Их төгсгөлийн гүнзгий туршлагатан, алдар суу нь аянгын дуу адил нүргэлэх хэн ч гэлээ энэ увдисыг ухан ойлгодоггүйгээр үл барам, энэ насны амьжиргааны аз жаргал, сайн сайхан бүхнээ орхиж, нүүр буруулан холдох хэрэгтэй тухай ярихад “Хачин балай юм бүү ярь!” хэмээн үл тоомсорлож байна. Үнэндээ бол тэд энэ увдисаас айн жийрхэж, зүрхшээн тулгамдаж байгаа хэрэг юм. Тиймдээ ч тэд амьжиргаа баялагаас татгалзан орхигч хэн нэгнийг үзмэгц түүнийг эцэг эх, ураг садны үгийг үл хайхран гуйланчлан тэнэгч балай мунхаг мэтээр үзэж байна. “Эрдэм ухаанд шамдан суралцахаас авахуулаад юу хийсэн бүхнээ энэ насны амьдралын зовлонг хорих, жаргалтай сайхан аж төрөх, бусдад тоогдох, хүний дор орж, бусдын царай харахааргүй эд хөрөнгөтэй болох, номч мэргэн гэж магтагдахаар байх хэрэгтэй” хэмээгээд өөрсдөө ч тэгж хичээж байна. Бусдад ч түүнийгээ сургаж байна. Хэрэв сургасныг нь ёсчлон дагавал “Чадамгай сайн номч болохнээ” гэж магтах юм. Номч хуврагууд ийм байхад үр хүүхдийнхээ амьжиргааг залган гүйгч эгэл хар хүмүүсийн оюун санаанд энэ гүн увдис багтаж шингэх зай хаанаас олдох билээ дээ.
Одоо хэн бүхэн судал, хий, хоосон чанарыг үзүүлсэн номд дурлаж, хоёр гурваараа цуглахдаа ч зөвхөн тийм л юм ярилцдаг болж. Ингэж өндөр зэрэглэлийн эрдэмд шамдагч нар олон буй хэдий ч амьдралын бодлогыг орхиж, амьжиргаа баялагаас нүүр буруулагч л чухам ховор боллоо. Харин ч бүр энэ насны ураг садан, эд хөрөнгө, сайн сайхан бүхнээ орхих тухай номыг өгүүлэхэд толгойг нь мунаар гөвшсөн адил ухаан нь балартаж, хамрын яс нь янгинан өвдсөн мэт ярвалдан шилгээж байна. Анхааран авч туршлага болгох нь байтугай сонсохыг ч хүсэхгүй байгаа нь тэр юм.
Ингэж ярьж байгаа маань тэднийг хэтрүүлсэн хэрэг биш шүү. Хэрэв та нарт анхаарч сонсох хүсэл байвал нааш ирэгтүн! Бидний Камба нар зөвхөн үнэнийг л хэлнэ.
Дови Гонбо ламтан,
“Эрдэмт мэргэн, тойн хувраг ч
“Эрхэм дээд” гэгдэхээ хүлээнэ.
Хөл хорьж, бичиг наагаад
Хүнээс дайжигч их егзөр ч
Ханьцашгүй ёгч “гэгдэх”-ийг горилно.
Өглөг өгсөн ч энэ насандаа л
Өгөөмөр гэгдэх алдрыг санаархана.
Бурхан шүтээндээ тахил өргөхдөө ч
Бусад хүний магтаалыг хүснэ.
Зүсэн зүйлийн хүсэл үүгээр
Зүйтэй бүхнээ “гэгдэх”-д алдана.
Буян ном юуг ч үйлдсэн
Бүхнийг “гэгдэх”-ийн дээрэмчин булаана.
Агаарт цацсан гурил адил
Алдрын шуналд бүгд замхарна” хэмээн айлдсан байдаг.
“НОМЫН ҮҮДИЙГ НЭЭГЧ” шастираас.

Comments

comments

Check Also

Хуваргууд идээ, ундаар өлбөрөхийн зовлон үгүй

Шанзүн Ерва ламтан “Өлсөөд үхвэл ч үхье, хөлдөөд үхвэл ч үхье хэмээн зориг шуудран номыг …

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!