Breaking News

Эхлээд орчлонгоос гансрах…

  • Ратнакута сударт:
    “Санаа зорилгын үндэснээс
    Сансар, нирваан цэцэглэнэ.
    Зориг хүслийн үйлээс
    Зохилдох үр ургана”,
    Чаряаватара шастрад:
    “Буяны зүг бүхний ёзоор нь
    Бишрэл хэмээн Шакяамүни айлдсан” хэмээн өгүүлжээ. Энэ зарлигууд, нэгэн үзүүрт сэтгэлээр дуршин зорьж бишрэн дээдлэж хичээвээс гайхамшигт үрийг олдгийн жам ёсыг сурган өгүүлснээс биш амьжиргаа баялгийг хөөцөлдөхийн дашрамд гэгээрлийн үйл хэргийг бүтээх тухай айлдаагүй юм. Их, дунд, бага 3 төрөлтөн, Ширвак, Брадигабүд, Бодисатвын 3 хөлгөнийг зорилго тэмүүллийн том, багын хэмжээгээр нь ялгана. Тиймээс бид энэ насны амьжиргааны сонирхолд уягдан зорилго төлөвлөгөөг тавьж өнгө мөнгийг бишрэн дээдлэх аваас бидний оюун санаа ганц энэ насны явцуу хүрээнд эргэлдэхээс бус ирээдүйн хойд төрлүүдийн талаар сэтгэх чадвараа алдана. Ийм байхад сансраас хэтэрсэн төгс гэгээрлийн тухай яриад ч юу хийнэ. Түүнчлэн, ирээдүйн амьдрал, хойд төрөл бүхэн урьдын үйлээс хамааралтай. Жишээ нь,тамд төрөх үйл нь боловсорсон хүн үхэхийн цагт даарснаас болж дулаацахыг машид хүсэмжлэхэд тэр хүслээр нөхцөлдөн халуун тамд төрөх тохиолдол байдаг. Энэ мэтчилэн бидний ирээдүй зорилго хүслийн минь тусгал болон бүтдэг учир энэ насны амьжиргааны явцуу хүслийг орхихоос аргагүй. Манжушри бурхан Богд Зонхавад “…Бүх орчлонгоос сэтгэл гансрах сэхээрлийг олоогүй цагт номыг хичнээн сонсон санан бясалгавч зовлонгийн мөн чанарт орчих ирээдүйн амьдралын чинь шалтгаан болохоос хэтрэхгүй. Тиймээс, Үүсгэл, Төгсгөл зэрэг тантрын гүн бясалгал нь хэдий чухал боловч түр орхи! Эхлээд орчлонгоос гансрах уйтгарыг төрөн төртөл хичээх хэрэгтэй…” хэмээн айлджээ.
    (НОМЫН ҮҮДИЙГ НЭЭГЧ шастраас)

  • …Нутаг орон хол ойр хаана ч бай ураг садны холбоог таслах нь чухал. Занба Жарэ ламтан:
    “Амьжиргааны тойрогт сэтгэлийг гансруулваас ураг садны холбоог таслахын тэмдэг.
    Аж амьжиргаанд сэтгэлээ чиглүүлвээс шунал, уур хилэнгийн намагт живэхийн тэмдэг.
    Амьжиргааны үйл бүхнийг эндүүрэл хэмээн ухаарваас шунал нисванисаас хагацахын тэмдэг.
    Амьжиргааг тэтгэх аргыг сэтгэвээс гэгээрлээс ташууран холдохын тэмдэг” хэмээжээ. Энэ ёсоор ураг саднаас сэтгэлээ чөлөөлөхийн зэрэгцээ бие, эд агуурсын холбоог ч таслагтун! Гэсэн хэдий ч тэднийг энэрэх сэтгэлээ орхиж үл болно. Эс бөгөөс дээдийн ном бүтэшгүй хэрэг билээ.
    Холбоог таслахдаа эцэг эхдээ учирлан айлтгаад зөвшөөрлийг авбаас нэн сайн. Тэд хилэгнэн дургүйцэж эс зөвшөөрөвч өөрийн шийдлээс бүү няц! Урьд Бүдда ба номыг үйлдэн хуврагийн мөрд орогч бүхэн эцэг эх, төрөл садныхаа нүдийг нулимсаар дүүргэн орхин одсон. Учир нь, үүнд гэгээрлийн агуу их шүтэн барилдлага байдгийнх болой. Жалсрай ламтан:
    “Энэрэн сүжирсний хариуд
    Энэ насны амьжиргаанд шавдуулна.
    Туслая гэсэн хүсэл ч
    Туйлдах зовлонгийн шалтгаан болно.
    Туйлын хүсэл нь амьжиргаанд хүлэгдсэн
    Тэднийг зовлонгоос гэтэлгэхийн тулд
    Амьдралын бодлого бүхнийг тэвчээд
    Ариун номд хичээх хэрэгтэй.
    Ураг саданд туслая гэвэл
    Урьдаар тэднийг хөсөр орхиод
    Бөглүү хоосон ууланд
    Бүтээлд шамдах нь нэн эрхэм.
    Баяжин дэвжихийн цагт
    Зугтавч зулгуйдан нэхнэ.
    Барагдан доройтохын цагт
    Бараадавч зайлан хулжина.
    Асран өсгөсөн хүү нь
    Ачит эцгээ хөнөөнө.
    Хэрцгий авирт саданд
    Хэрхэн сэтгэл сүжирнэ вэ!
    Хажуу дэргэд нь одвоос
    Халамжийн дүрийг эсгээд
    Холдон далд явбаас
    Хов хоригийг уудлана.
    Өрөвдөн тусласны хариуг
    Өөнтөг хөнөөлөөр буцаагч
    Өчүүхэн бодолт садангууд
    Өөриймсөвч магад хуурмаг”…

“НОМЫН ҮҮДИЙГ НЭЭГЧ” шастраас:

Comments

comments

Check Also

Хуваргууд идээ, ундаар өлбөрөхийн зовлон үгүй

Шанзүн Ерва ламтан “Өлсөөд үхвэл ч үхье, хөлдөөд үхвэл ч үхье хэмээн зориг шуудран номыг …

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!