Breaking News

Шуналын ороонгыг таслагч

  • …Эрт мянганы тэртээ
    Энэтхэг, Төвдөд заларсан
    Эрдмийн оргил мэргэдтэй
    Учирсан бөгөөс юутай сайхан гэж
    Учиргүй их мөрөөдөж
    Учраагүйдээ гутардаг атлаа
    Суут тэдний зүрхнээс ирсэн
    Сургаалыг ёсчлон бясалгадаггүй
    Үхээнц хуурмаг чиний
    Үзэл, явдал зөрөлдөж байна.
    Оройн дээд Бүдда
    Одоо дахин заларлаа ч
    Урьд мэргэдийн айлдсан
    Увдис эдгээрээс илүү
    Утгыг яахин айлдах билээ!
    Гэгээн дээдэс юу айлдсан?
    Гарын авлагыг хэрхэн зохиосон?
    Тэр бүхийг анхааран аваач!
    Түүнээс илүү чамд юу хэрэгтэй юм бэ?!
    Хүнгүй аглаг ууланд
    Хулжин суухад дурлах атлаа
    Самуун хуран үймээнд
    Сатааран суугч чи тэнэг.
    Самуун үймээний уршгийг
    Санамж болгон эс тунгааваас
    Хоосон ууланд суулаа ч
    Хожоо гарах нь юу л бол!
    Амьдралын самуун бодлогыг
    Амжиж оюунаар орхисон бол
    Үймээнт хотод суулаа ч
    Үнэний мөрөөс төөрөхгүй…
    “ШУНАЛЫН ОРООНГЫГ ТАСЛАГЧ” шастраас
  • Амьжиргаа баялагийн шунал нь
    Амьтан бүхний явдал,
    Атхаг хүслийн дадал,
    Ариун номын дайжил.
    Насны жаргалыг хүсэх нь
    Найдангуй шуналаас үүсэх
    Найман ном мөнийг
    Нагаржуна айлдсан.
    Самуун амьдралын далай
    Сэлж гатлахын хязгааргүй.
    Салаа шуналын хөврөл
    Сэтгэл ханахын үзүүргүй.
    Зуун галавт амьдравч
    Зуурдын ажлаар ороолдоно.
    Зүтгэн зүтгэн бүтээвч
    Зүдрэл зовлон ундарна.
    Хожоо ашгийг идэвч
    Ховдог сэтгэл өлсгөлөн.
    Жаргалт амьдралын уг дах
    Чанарыг таниваас дурлах юун?!
    Хязгаар үзүүргүй амьдралыг
    Хаяж орхиход харамсах юун?!
    Оргил төгсгөлгүй амьдралыг
    Оролдон бүтээвч нурна.
    Орхин одовч доройтно.
    Ондоо үр дүн юу байна?!
    Дутуу гуцуу амьдралын
    Туурга нөхөөс хаана байна?!
    Эдгээр үгэнд чи бүү эргэлз!
    Ээ дээ, бүтэх үү? гэж бүү самуур!
    Хорвоогийн ажилд төгсгөл үгүй.
    Хомхой хүсэлд барагдал үгүй.
    Ховдог сэтгэлд ханал үгүй.
    “ШУНАЛЫН ОРООНГЫГ ТАСЛАГЧ” нэрт шастраас

Comments

comments

Check Also

Хуваргууд идээ, ундаар өлбөрөхийн зовлон үгүй

Шанзүн Ерва ламтан “Өлсөөд үхвэл ч үхье, хөлдөөд үхвэл ч үхье хэмээн зориг шуудран номыг …

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Content is protected !!